1Тимот 1:1-11

1Тимот 1:1-11 АБ2013

Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг. Би Македони уруу явахдаа, Ефест үлдээч гэж чамаас гуйсан нь өөр сургаал заахгүй байхыг чи зарим хүмүүст зааварлах мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм. Энэ зааварчилгааны зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юм. Зарим нь эдгээрээс няцаж, дэмий чалчаанд хэлбийжээ. Тэд хуулийн багш байхыг хүсдэг ч юу хэлж, юу баталж байгаагаа ч ойлгодоггүй аж. Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөв хүнд бус, харин хуульгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй, нүгэлтнүүд, ариун бус болон бузар, эцэг эхээ хороогчид, алуурчид, садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ. Энэ нь надад даалгагдсан, ивээлт Бурханы алдрын сайнмэдээний дагуу юм.