1Тесалоник 2:1-12

1Тесалоник 2:1-12 АБ2013

Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм. Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй. Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан. Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ. Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэгбүрийг Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан.