1Самуел 9:1-27

1Самуел 9:1-27 АБ2013

Бениамины Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абиелын хөвгүүн, Зерорын ач, Бехоратын гуч, Афиагийн жич, бениаминчуудын хөвгүүн бөгөөд нэр хүндтэй хүн байв. Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул залуу, бие бялдар сайтай бөгөөд Израилийн хөвгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой илүү өндөр байлаа. Нэг удаа Саулын эцэг Кишийн эм илжигнүүд нь алга болжээ. Киш өөрийн хүү Саулд —Зарц нараасаа нэгийг авч хөдлөөд эм илжигнүүдээ хай гэжээ. Тэр хоёр Ефраимын уулархаг нутгаар бас Шалишагийн нутгаар дамжин явсан боловч олсонгүй. Тэгээд Шалимын нутгаар дамжин явсан боловч тэнд бас л байсангүй. Тэгээд тэр Бениамины нутгаар яваад ч олсонгүй. Тэд Зуфын нутагт ирэхэд Саул зарцдаа —Буцаж явцгаая. Эс тэгвэл эцэг маань эм илжигнүүддээ биш, харин бидэнд санаа зовох болно гэв. Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв. Саул харин зарцдаа —Хэрэв бид очвол тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв. Зарц нь Саулд дахин хариулж —Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь хэлж өгнө гэв. (Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.) Тэгээд Саул, зарцдаа —Зөв, одоо явцгаая гэв. Ингээд тэд Бурханы хүн байгаа хот уруу явжээ. Тэд хот уруу өгсөж явахдаа ус татахаар гарч явсан бүсгүйчүүдийг олж уулзан тэдэнд —Үзмэрч энд байгаа юу? гэв. Тэд хариулан —Хараач, тэр та нарын урд явж байна. Одоо бушуул, өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр ард олны тахилын өдөр тул тэр өнөөдөр хотод ирсэн юм. Та нар хот уруу ормогцоо мөргөлийн өндөрлөг өөд гарч зоог барихаас нь өмнө түүнийг шууд олж уулзана. Учир нь тэр нядлах тахилыг ерөөх ёстой тул түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Дараа нь уригдсан олон зоог барина. Та нар өнөөдөр л түүнийг олж уулзаж болох тул одоо өгсөөд явцгаа гэв. Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед харагтун, Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар тэдний өөдөөс гарч ирэв. Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН, Самуелын сонорыг нээж — Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ. Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд —Харагтун, Миний чамд айлдсан хүн энэ байна! Энэ хүн Миний ард түмнийг атган захирна гэж мэдэгдэв. Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд —Үзмэрчийн гэр хаана байдгийг надад зааж хэлж өгнө үү гэв. Самуел, Саулд хариулан —Би үзмэрч байна. Өнөөдөр чи надтай хамт хоол идэх тул миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Маргааш өглөө би чамайг явуулж, зүрхэнд чинь байгаа бүгдийг чамд дуулгах болно. Гурван хоногийн өмнө алга болсон эм илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон. Израилийн бүхий л хүслэнт зүйл хэнд байна вэ? Чамд болоод эцгийн чинь бүх гэрт юм биш биз? гэж хэлэв. Саул хариуд нь —Би Израилийн хамгийн жижиг овгийн бениамин хүн бөгөөд миний ураг Бениамин овгийн бүх ураг дотроос хамгийн дорой нь бус уу? Яагаад та надад ийм үг ярина вэ? гэв. Тэгээд Самуел, Саул болон түүний зарцыг авч танхимд дагуулан орж, уригдан дуудагдсан гуч орчим эрчүүдийн тэргүүн суудалд суулгав. Самуел тогоочид —Миний чамд өгч “Үүнийг хойш тавь” гэж хэлсэн хувийг надад өгөгтүн гэжээ. Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган Саулын өмнө тавив. Самуел —Харагтун, хадгалан үлдээсэн юмсыг өмнө чинь тавьсан байна. Үүнийг зооглогтун. Товлосон цагтаа энэ нь өмнө чинь тавигдсан нь хүмүүсийн дэргэд чамайг үүнийг зооглог гэснийх юм гэв. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов. Тэд мөргөлийн өндөрлөгөөс хот уруу бууж ирээд, Самуел Саултай дээвэр дээр ярилцав. Тэд эрт бослоо. Үүр цайхад Самуел Саулыг дээвэр дээр дуудан —Босогтун, би чамайг үдэж өгье гэв. Саул босож, Самуел тэр хоёр гудамжинд гарав. Тэд хотын зах уруу явж байхад Самуел Саулд —Биднээс түрүүлээд яв гэж зарцдаа хэлэгтүн. Тэр түрүүлж явах зуур чи одоо хэсэг зогсож бай. Би чамд Бурханы үгийг дуулгая гэж хэлэв.