1Самуел 6:4-13

1Самуел 6:4-13 АБ2013

Тэгэхэд хүмүүс —Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд —Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав. Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа. Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү? Тиймээс нэг шинэ тэрэг хийж, буулганд оруулж байгаагүй, хөхүүл хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь буцааж хашаанд хий. ЭЗЭНий авдрыг авч тэргэн дээр тавь. Ялын тахил болгон төлөх алтан эдлэлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгээн явуулагтун. Тэр нь нутгийнхаа замаар Бет-шемешийн зүг явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг. Харин эс явбал, биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв. Хүмүүс тийнхүү үйлдэж, хөхүүл хоёр үнээ авч, тэргэнд хөллөн тугалуудыг нь хашаанд хийж түгжжээ. Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулгананууд болон булдрууныхаа дүрсийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. Үнээнүүд Бет-шемешийн зүгт шууд зүглэж, нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав. Бет-шемешийн хүмүүс тал хөндийд буудайн ургацаа хурааж байгаад харцаа өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад баярлан хөөрцгөөв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна