1Самуел 5:1-9

1Самуел 5:1-9 АБ2013

Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод уруу авчрав. Филистчүүд Бурханы авдрыг булаагаад, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив. Ашдодчууд дараа өдөр эртлэн босож харвал Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Тэд Дагоныг авч байранд нь эргүүлэн тавив. Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босоход, харагтун, Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Дагоны толгой ба хоёр сарвуу нь тасарч, босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв. Тиймээс Дагоны тахилчид болон Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхдаггүй. ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр цохив. Ашдодын хүмүүс үүнийг үзээд —Израилийн Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв. Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан —Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан —Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилийн Бурханы авдрыг аваачлаа. Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.