1Самуел 4:12-22

1Самуел 4:12-22 АБ2013

Нэгэн бениамин хүн тулалдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байлаа. Хараач, түүнийг ирэхэд Ели замын хажуу талын сандал дээр суун зүрх нь Бурханы авдрын төлөө түгшиж байсан учир тэр анхааран харуулдаж байлаа. Өнөөх хүн хот уруу орж мэдээг дуулгахад хотынхон бүгд бархиран хашхиралдав. Ели уйлалдах дууг сонсоод —Энэ юун дуу шуугиан бэ? гэсэнд өнөөх хүн яаравчлан ирж Елид мэдүүлэв. Ели ерэн найман настай бөгөөд нүд нь харанхуйлан юм үзэхээ больсон байв. Өнөөх хүн Елид —Би тулалдаанаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр тулалдааны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели —Юу болсон бэ? Хүү минь гэж асуув. Тэгэхэд мэдээ хүргэгч —Израиль филистчүүдээс зугтааж, ард олны дунд их аллага болж, таны хоёр хүү Хофни, Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав гэж хариуллаа. Түүнийг Бурханы авдрын тухай дурдахад Ели хаалганы хажууд буй сандал дээрээсээ гэдрэг унан хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өтөл настай лагс биетэй хүн байжээ. Тэрээр дөчин жил Израилийг шүүжээ. Түүний бэр, Финехасын эхнэр жирэмсэн, төрөх дөхсөн байлаа. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг болон нөхөр нь үхсэн тухай мэдээг сонсонгуут төрөх өвдөлт нь эхэлж, тэрээр сөхөрч суун хүүхдээ төрүүлэв. Тэр эмэгтэйг үхэх гэж байхад тэнд байсан эмэгтэйчүүд —Чи хөвгүүн төрүүлсэн тул бүү ай гэж хэлсэн боловч тэр юу ч хариулсангүй, зүрх сэтгэл нь ч хөдөлсөнгүй. Бурханы авдар булаагдсанаас болон хадам эцэг бас нөхрийнхөө улмаас тэр эмэгтэй —Алдар нь Израилиас салж одов гээд хөвгүүнээ Ихабод гэж нэрлэв. Тэрээр —Бурханы авдар булаагдсанаас болж алдар нь Израилиас салж одов гэжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна