1Самуел 4:1-11

1Самуел 4:1-11 АБ2013

Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд хуарагнан, харин филистчүүд Афект хуарагнан буув. Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав. Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахмадууд —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэгвэл Тэр бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ. Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ. ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд оруулж ирэхэд бүх Израиль газар доргион хүнгэнүүлсэн их дуугаар уухайлан хашхирав. Филистчүүд тэр дуу чимээг сонсоод —Еврейчүүдийн хуаранд юун сүртэй уухай гарах нь энэ вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд оруулж ирснийг тэд мэдлээ. Филистчүүд —Бурхад тэдний хуаранд залран ирлээ хэмээлдэн түгшицгээв. Тэгээд —Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй тул бид золгүй еэ! Бид золгүй еэ! Хэн биднийг энэ агуу хүчит бурхдын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг элдэв төрлийн гамшгаар цөлд цохисон бурхад мөн билээ. Филистчүүд ээ, зоригтой, эрэлхэг байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв. Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль цохигдон хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг хөсөр унасан нь аймшигтай том ялагдал байлаа. Бурханы авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ч алуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна