1Самуел 30:1-18
1Самуел 30:1-18 АБ2013
Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ. Тэд эмэгтэйчүүд ба тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа. Давид хүмүүстэйгээ хотод орж ирэв. Хотыг галдан шатааж эхнэр хүүхдүүд, охидыг нь олзлоод явсныг тэд үзэв. Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. Давидын хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам мөн Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв. Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав. Дараа нь Давид, Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан —Ефод авч ирэгтүн гэж гуйсанд Абиатар, Давидад ефодыг авчирч өгөв. Давид, ЭЗЭНээс лавлан —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав. Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесорын хөндийд хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв. Бесорыг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөв. Тэд хээрээс нэгэн египет хүнийг олж, түүнийг Давид уруу дагуулж ирэв. Тэд түүнд талх идүүлж, ус уулгав. Тэд түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд тэр тэдгээрийг идэж тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ. Давид түүнээс —Чи хэнийх вэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуухад —Би египет залуу бөгөөд амалек хүний зарц юм. Би гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан юм. Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев уруу довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм гэж хэлэв. Тэгэхэд Давид түүнд —Тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу чи газарчилж чадах уу? гэж асуухад —Намайг алахгүй, эсвэл миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг уруу аваачиж өгье гэж хариулав. Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар нэг тархаж, филистчүүдийн болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж идэж уун бүжиглэлдэж байлаа. Давид үүрийн гэгээнээс дараа өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуугаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй. Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, алдсан хоёр эхнэрээ ч бас авран чөлөөлжээ.