1Самуел 28:3-25

1Самуел 28:3-25 АБ2013

Самуел харин өөд болсонд бүх Израиль даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөв. Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнасанд Саул бүх Израилийг цуглуулан Гилбоад хуарагнан буужээ. Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов. Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй. Тэгэхэд Саул зарц нартаа —Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд —Ен-дорт нэгэн тийм эм бий гэлээ. Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв. Гэтэл тэр эм түүнд —Саул энэ нутгаас сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг устгасныг мөн хэрхсэнийг чи мэднэ. Тийн атал чи миний аминд юунд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? гэж загнав. Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан —ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэж хэлэв. Тэгэхэд тэр эм —Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул —Надад Самуелыг дуудаж өгөөч гэв. Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм, Саулд —Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв. Хаан, тэр эмд —Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм, Саулд —Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв. Саул тэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэсэнд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд нүүр газарт доор бөхийн мөргөв. Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв. Самуел —ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ. Та ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна. Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө гэж хэлэв. Тэгж хэлмэгц Саул гэнэт газар гулдайн сунаж унаад, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ ч байсангүй. Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Харагтун, таны хэлсэн үгийг сонсоод шивэгчин тань өөрийн амиар дэнчин тавьж таны дуугарсан бүгдэд дуулгавартай хандав. Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж хүч ороод буцах замдаа гарна уу? гэв. Харин Саул үүнээс татгалзан —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа. Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран исгээгүй талх барив. Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна