1Самуел 27
27
Гатын хаан Ахишт Давид үйлчлэв
1Давид
—Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов. 2Тэгээд Давид босож, өөртэйгөө хамт байсан зургаан зуун хүнээ дагуулан Гатын хаан Маохын хөвгүүн Ахиш уруу очив. 3Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлтэйгээ хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаилтай хамт байв. 4Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй. 5Дараа нь Давид, Ахишт
—Хэрэв би одоо таны нүдэнд тааллыг олсон бол уг нутгийн хотуудын нэгний газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Зарц чинь хааны хотод тантай хамт яагаад суух ёстой билээ? гэж хэлэв. 6Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ. 7Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо нэг жил дөрвөн сар болов. 8Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ. 9Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүрэг болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв. 10Ахиш
—Өнөөдөр чи хэнийг дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид
—Иудагийн Негев эсвэл Иерахмеелийн Негев эсвэл Кенийн Негев гэж хариулдаг байв. 11Тэд “Давид ийм хэрэг үйлдэж, филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ингэдэг байв” гэж хэлж, бидний тухай мэдэгдэх вий гэсэндээ тэр нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээдэггүй мөн Гатад ганц ч хүнийг дагуулж ирдэггүй байв. 12Үүнээс болоод Ахиш, Давидад итгэн
—Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний зарц болно гэж бодож байв.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 27: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.