1Самуел 25:1-22
1Самуел 25:1-22 АБ2013
Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав. Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байв. Тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь хэдэр бас догшин зантай байжээ. Тэр калеб хүн аж. Набалыг хонио хяргаж байгааг Давид цөлд сонсов. Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ —Кармел өөд явж, Набалтай уулзан миний нэрийн өмнөөс түүний мэнд амрыг асуу. Та нар ингэж мэндчилэгтүн. “Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай. Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэдэнд хор хүргээгүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй. Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуус таны нүдэнд тааллыг олог. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны зарц нар болон хүү Давиддаа таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв. Давидын залуус ирж, энэ бүгдийг Давидын нэрийн өмнөөс Набалд хэлээд хариу хүлээв. Харин Набал, Давидын зарц нарт хариулахдаа —Давид гэж хэн юм? Иессийн хөвгүүн гэж хэн юм? Одоо эзнээсээ оргон зугтаах зарц нар олон боллоо. Би ноос хяргагчдадаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа аваад хаанаас ирснийг нь үл мэдэгдэх хүмүүст өгөх ёстой болж байна уу? гэж хэлэв. Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж ирцгээн эдгээр бүх үгийг Давидад мэдүүлэв. Давид хүмүүстээ —Хүн бүр илдээ биедээ агсагтун гэж тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаад, харин хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв. Гэтэл залуусынх нь нэг нь Набалын эхнэр Абигаилд мэдүүлэн —Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг омогдож дайрав. Тэр хүмүүс бидэнд их сайн хандаж, бидэнд хор хөнөөл хүргээгүй бөгөөд бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ. Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэр хүмүүс бидэнд хана хэрэм мэт болж байв. Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв. Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив. Тэр өөрийн залууст —Миний өмнө яв. Би та нарын араас очно гэв. Гэвч тэр эмэгтэй эр нөхөр Набалдаа юу ч хэлсэнгүй. Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед, харагтун, Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа. Давид —Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав. Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.