1Самуел 25
25
Самуел өөд болов
1Самуел өөд болов. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл уруу явав.
Давид Набалын эхнэр хоёр
2Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байв. 3Тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь хэдэр бас догшин зантай байжээ. Тэр калеб хүн аж. 4Набалыг хонио хяргаж байгааг Давид цөлд сонсов. 5Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ
—Кармел өөд явж, Набалтай уулзан миний нэрийн өмнөөс түүний мэнд амрыг асуу. 6Та нар ингэж мэндчилэгтүн. “Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай. 7Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэдэнд хор хүргээгүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй. 8Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуус таны нүдэнд тааллыг олог. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны зарц нар болон хүү Давиддаа таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв. 9Давидын залуус ирж, энэ бүгдийг Давидын нэрийн өмнөөс Набалд хэлээд хариу хүлээв. 10Харин Набал, Давидын зарц нарт хариулахдаа
—Давид гэж хэн юм? Иессийн хөвгүүн гэж хэн юм? Одоо эзнээсээ оргон зугтаах зарц нар олон боллоо. 11Би ноос хяргагчдадаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа аваад хаанаас ирснийг нь үл мэдэгдэх хүмүүст өгөх ёстой болж байна уу? гэж хэлэв. 12Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж ирцгээн эдгээр бүх үгийг Давидад мэдүүлэв. 13Давид хүмүүстээ
—Хүн бүр илдээ биедээ агсагтун гэж тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаад, харин хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв. 14Гэтэл залуусынх нь нэг нь Набалын эхнэр Абигаилд мэдүүлэн
—Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг омогдож дайрав. 15Тэр хүмүүс бидэнд их сайн хандаж, бидэнд хор хөнөөл хүргээгүй бөгөөд бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ. 16Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэр хүмүүс бидэнд хана хэрэм мэт болж байв. 17Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв. 18Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив. 19Тэр өөрийн залууст
—Миний өмнө яв. Би та нарын араас очно гэв. Гэвч тэр эмэгтэй эр нөхөр Набалдаа юу ч хэлсэнгүй. 20Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед, харагтун, Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа. 21Давид
—Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав. 22Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыг#25:22 ЭНО-д миний дайснуудыг Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ. 23Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв. 24Тэр эмэгтэй Давидын хөлд унан
—Эзэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу. 25Эзэн минь, тэр хэдэр хүн Набалыг бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набал#25:25 Набал: евр. “мунхаг” гэсэн утгатай. нэрэндээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивэгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юм. 26Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай. 27Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивэгчнээс тань эзэнтэндээ авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна. 28Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!#25:28 эсвэл та ямар ч ёр мууг бүү хийг эсвэл ямар ч ёр муу танд бүү тохиолдог. 29Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно. 30ЭЗЭН танд амласан сайн сайхан бүгдийнхээ дагуу эзэнтэнд минь гүйцэтгэж, таныг Израилийн ноёноор томилох цагт 31эзэнтэн минь шалтгаангүйгээр цус урсгасан эсвэл өөрийн гараар өшөө авснаас болсон харуусал, зүрх сэтгэлийн саад тотгор танд бүү байг. ЭЗЭН, эзэнтнийг минь сайн сайхан болгоход өөрийн шивэгчнийг санатугай гэж хэлэв. 32Давид, Абигаилд
—Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 33Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай. 34Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилийн Бурхан амьд! Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлэв. 35Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд
—Гэртээ амар тайван буцагтун. Харагтун, би чиний хэлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлэв.
36Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй. 37Харин өглөө болж, Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд бүгдийг мэдэгдсэнд түүний зүрх нь цээжин дотроо мөхөж, чулуу мэт болов. 38ЭЗЭН арваад хоногийн дараа Набалыг цохисонд, тэр үхэв. 39Набал үхсэнийг Давид сонсоод
—Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв. 40Давидын зарц нар Кармел дахь Абигаил уруу ирж, түүнд
—Давид чамайг эхнэрээ болгон авахын тулд биднийг илгээв гэж хэлэв. 41Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт доор мэхийн
—Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарт үйлчилж, тэдний хөлийг нь угааж өгөхөд бэлэн гэж хэлэв. 42Абигаил яаран босож, илжгэндээ мордон таван шивэгчин нь түүнийг дагав. Тэр, Давидын элч нарын араас явж, Давидын эхнэр болов. 43Давид мөн Иезреелийн Ахиноамыг авсан байсан тул тэд хоёулаа Давидын эхнэр болов. 44Саул, Давидын эхнэр байсан өөрийн охин Михалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.#2См 3:14–16
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 25: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.