1Самуел 24

24
Саулын амийг Давид хэлтрүүлэв
1Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцаж ирэхэд нь түүнд
—Харагтун, Давид Енгедийн цөлд байна гэж мэдэгдэв. 2Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн эрсийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хадан хавцлын урдуур явав. 3Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар#24:3 шилбэ далдлах: бие засах гэсэн утгатай. тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа.#Дуу 57 (гарчиг), Дуу 142 (гарчиг) 4Давидын хүмүүс өөрт нь
—ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. 5Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. 6Тэрээр хүмүүстээ
—Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв.#1См 26:11 7Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав. 8Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан
—Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөв. 9Давид, Саулд
—Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ? 10Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ. 11Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна. 12ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй. 13Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй. 14Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил.#1См 26:20 15Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв. 16Давид Саулд энэ үгсийг хэлсний дараа Саул
—Миний хүү Давид энэ чиний дуу юу? гээд чангаар уйлав. 17Тэр, Давидад
—Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд бузар мууг санав. 18ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ. 19Өстөн дайснаа олчихоод зүгээр суллан явуулдаг хэн байна вэ? Тиймээс чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай! 20Харагтун, чи хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ. 21Миний дараа үлдэх миний үр удмыг чи таслан устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс арчихгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун гэж хэлэв. 22Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.

Одоогоор Сонгогдсон:

1Самуел 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна