1Самуел 17:31-51
1Самуел 17:31-51 АБ2013
Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. Давид, Саулд —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. Тэгэхэд Саул, Давидад —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. Гэвч Давид, Саулд —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа. Тэгэхэд филист хүн ч бамбай үүрэгчээ урдаа зогсоон Давид уруу ойртож ирэв. Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филист хүн, Давидад —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.