1Самуел 15:10-35

1Самуел 15:10-35 АБ2013

Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж — Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав. Самуел Саултай уулзахаар өглөө эртлэн босов. Нэгэн хүн Самуелд —Үзэгтүн, Саул Кармелд ирж, тэнд өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа гэжээ. Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв. Харин Самуел —Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв. Саул —Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ. Самуел, Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун гэв. Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв. Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв. Саул, Самуелд —Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ. Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөе хэмээн өгүүлэв. Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв. Самуел явахаар эргэтэл Саул түүний дээлийн хормойноос зуурч урав. Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв. Мөн Израилийн Алдар худал ярихгүй, харамсаж буцах ч үгүй. Учир нь Тэр харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв. Саул —Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргүүлж өгнө үү? гэж гуйв. Тэгэхэд Самуел Саулыг даган буцав. Саул, ЭЗЭНд мөргөлөө. Дараа нь Самуел —Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Тэгэхэд тэрээр “Үхлийн гашуун нь үнэхээр ирлээ гэж үү” хэмээн хямарсаар түүн дээр иржээ. Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив. Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа. Самуел өөд болох өдөр хүртэлээ Саултай уулзахаар дахин ирсэнгүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.