1Самуел 15:1-21

1Самуел 15:1-21 АБ2013

Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Амалекийг шийтгэнэ. Учир нь Израилийг Египетээс гарах замд тэд түүний эсрэг довтолсон юм. Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв. Тэгээд Саул ард түмнээ цуглуулан Телаимд тэднийг тоолбол хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв. Саул Амалекийн хот уруу ирж, голын хөндийд отон хүлээв. Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг амалекчуудтай хамт хөнөөхгүйн тулд тэдний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед та нар тэдэнд энэрэнгүй хандсан билээ гэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав. Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив. Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь барин олзолж, ард олныг нь илдийн ирээр хүйс тэмтрэв. Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ. Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж — Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав. Самуел Саултай уулзахаар өглөө эртлэн босов. Нэгэн хүн Самуелд —Үзэгтүн, Саул Кармелд ирж, тэнд өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа гэжээ. Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв. Харин Самуел —Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв. Саул —Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ. Самуел, Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун гэв. Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү? ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн. Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ. Саул, Самуелд —Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв.