1Самуел 14:1-23
1Самуел 14:1-23 АБ2013
Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй. Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа. Филистчүүдийн цэргийн харуулын анги уруу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ. Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв. Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. Зэвсэг үүрэгч нь түүнд —Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв. Тэгэхэд Ионатан —Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилнэ. Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм зааж өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав. Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акр шангийн хагас хэрийн талбайд хорин хүнийг алав. Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов. Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав. Саул хамт байсан хүмүүстээ —Тоогоо авагтун. Бидний дундаас хэн гарч явсныг хар гэж хэлэв. Тэгээд жагстал, харагтун, Ионатан болон түүний зэвсэг үүрэгч алга байжээ. Саул Ахиад —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв. Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн цэргийн хуаран дахь үймээн үргэлжлэн улам ихсэв. Саул тахилчид —Гараа татагтун гэж хэлэв. Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв. Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израильчуудтай хамтрахаар эргэцгээв. Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв. Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.