1Самуел 10:17-27

1Самуел 10:17-27 АБ2013

Самуел ард олныг ЭЗЭН дээр Мизпад дуудан цуглуулж, Израилийн хөвгүүдэд —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн гараас болон дарангуйлж байсан бүх хаанчлалын гараас аварсан билээ.” Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв. Ингээд Самуел Израилийн бүх овгийг дуудуулж ойртуулахад Бениамины овог шавгаар тунав. Тэр Бениамины овгийг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг тунасан билээ. Тэгээд Кишийн хөвгүүн Саул тунав. Харин тэд Саулыг эрж хайсан боловч олсонгүй. Тиймээс тэд ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж лавлаж асуув. ЭЗЭН —Харагтун, тэр хөсгөн дотор нуугдаж байна гэв. Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, бүх хүмүүсээс толгой илүү өндөр байв. Самуел ард түмэнд —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж —Хаан мандтугай! гэв. Тэгээд Самуел ард олонд хаанчлалын эрхийг хэлж, тэдгээрийг номд бичин ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэр уруу нь явуулав. Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ. Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.