1Самуел 10:1-16
1Самуел 10:1-16 АБ2013
Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо. Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно. Чи тэндээс цааш дамжин явж, Таборын царс мод уруу очоод тэнд Бетел дэх Бурхан өөд явж буй гурван хүнийг олж харна. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван дугуй талх, гурав дахь нь нэг тулам усан үзмийн дарс аваад явж байгаа. Тэд чиний амар мэндийг асууж, чамд хоёр талх өгнө, үүнийг нь чи тэдний гараас авах ёстой. Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно. Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө. Бурхан чамтай хамт байх тул эдгээр тэмдгүүд чамд ирэхэд гарт чинь юу олдоно түүнийгээ үйлд. Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудагтун. Харагтун, би шатаалт тахилууд тахиж, эвийн тахилуудыг нядлахаар чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очиж, хийх бүгдийг зааж өгтөл чи тэнд долоо хоног хүлээгтүн гэж хэлжээ. Самуелыг Саулаас салж явахаар эргэх тэр үед Бурхан, Саулын зүрхийг өөрчилж, тэр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгджээ. Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв. Саулыг урьд өмнө таньдаг байсан бүх хүн, харагтун, түүнийг эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад —Кишийн хөвгүүн юу болов? Саул бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэж өөр хоорондоо ярилцав. Тэнд байсан нэг хүн хариулан —Тэдний эцэг нь хэн билээ? гэв. Тиймээс —Саул ч бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэдэг ёгт үг гарчээ. Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг дээр ирэв. Саулын авга ах, зарц тэр хоёроос —Та нар хаашаа явав? гэхэд Саул —Эм илжигнүүдээ хайхаар явлаа. Тэд хаана ч байхгүйг хараад Самуел дээр очоод ирлээ гэж хариулав. Саулын авга ах нь —Самуелын та нарт юу хэлснийг надад ярьж өгнө үү гэхэд Саул, авга ахдаа —Эм илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэлээ. Гэвч Самуелын дурдаж ярьсан хаанчлалын талаар Саул түүнд хэлсэнгүй.