1Самуел 1:19-28
1Самуел 1:19-28 АБ2013
Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв. Тэгээд Елкана бүх гэрийнхэнтэйгээ хамт ЭЗЭНд жилийн тахилыг өргөж, ам өчгөө биелүүлэхээр өгсөж явав. Харин Ханна нөхөртөө —Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би явахгүй. Дараа нь би түүнийг ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээхээр дагуулан явна гэж хэлээд өгсөж явсангүй. Нөхөр Елкана нь түүнд —Дураараа л бол! Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Гагцхүү ЭЗЭН үгээ байлгах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнээ хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээжээ. Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа. Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв. Ханна —Эзэнтэн минь ээ! Та амьд! ЭЗЭНд залбирахаар таны дэргэд энд зогсож байсан эмэгтэй би байна, эзэнтэн минь! Энэ жаалхүүгийн төлөө би залбирсан юм. Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ. Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.