1Самуел 1:1-20
1Самуел 1:1-20 АБ2013
Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна, түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунихарна вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы баганын дэргэдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв. Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв. Ханна ЭЗЭНий өмнө удаан залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. Ханна зүрхэндээ ярьж, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Ели түүнийг согтуу байна гэж боджээ. Ели түүнд —Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна. Шивэгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтүн. Зовлон шаналал, гашуудлаасаа болоод ийм удаан ярилаа гэв. Тэгэхэд Ели хариулан —Амар тайван явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов. Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв.