1Петр 3:8-22

1Петр 3:8-22 АБ2013

Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. Учир нь “Амийг хүсэмжилдэг бөгөөд, сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр, Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг” гэжээ. Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд. Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж, биднийг Бурханд аваачихын тулд зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн өдөр бүхээг баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү бүхээгт цөөн буюу найман хүн байж, усаар дамжин аврагджээ. Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.

1Петр 3:8-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв