1Хаад 22
22
Арамын эсрэг Иудатай хамсав
(2Шс 18:2–27)
1Арам Израилийн хооронд дайн бололгүй гурван жил өнгөрөв. 2Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат, Израилийн хааныг зорьж ирэв. 3Израилийн хаан түшмэддээ
—Рамот-гилеад бидэнд харьяалагддаг болохыг та нар мэддэггүй юу? Бид түүнийг Арамын хааны гараас булаан авахын оронд зүгээр сууцгааж байна шүү дээ гэв. 4Тэрээр Иехошафатад хандан
—Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилийн хаанд
—Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс, миний морьд чиний морьд билээ гэв.
5Тэгээд Иехошафат, Израилийн хаанд
—Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв. 6Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс
—Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд
—Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав. 7Гэвч Иехошафат
—Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа. 8Израилийн хаан, Иехошафатад
—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд
—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ. 9Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан
—Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав. 10Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн чөлөөтэй талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа. 11Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийж
—ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэх болно гэжээ. 12Бүх эш үзүүлэгчид
—Рамот-гилеад уруу явж ялагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
Микаиа ялагдлыг зөгнөв
13Микаиаг дуудахаар явсан элч түүнд
—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс бүгд нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун гэв. 14Харин Микаиа
—ЭЗЭН амьд!#22:14 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ. 15Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс
—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд
—Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ. 16Хаан харин түүнд
—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн удаа гуйх юм бэ? гэв. 17Микаиа хариуд нь
—Бүх Израиль хоньчингүй хоньд мэт
Уулсын оройгоор тархан явахыг би харлаа.
ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.
Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв
гэж өчлөө.#Тоо 27:17; Мт 9:36; Мк 6:34 18Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад
—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв. 19Микаиа
—Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.#Иса 6:1; Иов 1:6 20ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа. 21Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” гэв. 22ЭЗЭН түүнээс “Яаж?” гэж асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ. 23Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН энэ бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв. 24Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад
—ЭЗЭНий Сүнс чамтай ярих гээд хаагуур надаас явчихаа вэ? гэв. 25Микаиа
—Үзэгтүн, дотоод өрөөнд нуугдахаар орох тэр өдөр чи мэдэх болно гэв. 26Израилийн хаан
—Микаиаг аваад, хотын захирагч Амон ба хааны хүү Иоаш уруу буцаагтун. 27Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв. 28Микаиа
—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд
—Бүх ард түмэн та нар үүнийг сонсогтун гэв.
Ялагдал ба Ахабын үхэл
(2Шс 18:28–34)
29Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад өөд хөдлөв. 30Израилийн хаан, Иехошафатад
—Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо. 31Арамын хаан тэрэгт цэргийнхээ гучин хоёр ахмадад тушаан
—Та нар багатай нь ч, ихтэй нь ч бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв. 32Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад
—Энэ яг Израилийн хаан мөн байна гээд түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд Иехошафат тусламж гуйн хашхирчээ. 33Тэрэгт цэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг харангуутаа түүнээс эргэв. 34Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан, дэлбэгчдээ#22:34 Морин тэрэг жолоодогч.
—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв. 35Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамчуудыг харсан чигтээ тэргэн дотроо түшүүлж байгаад, орой болоход үхэв. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв. 36Тэгтэл нар шингэхийн алдад
—Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх уриа цэргийн хуарангаар тархав. 37Ийнхүү хаан үхэж, Самарид иржээ. Тэгээд хааныг Самарид нутаглуулжээ. 38Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. Тэнд янхнууд усанд ордог байв. 39Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
40Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан хаан болжээ.
Иудаг Иехошафат хаанчлав
(2Шс 20:31—21:1)
41Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр онд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов. 42Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм. 43Тэрээр эцэг Асагийнхаа замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнээрээ эс гажив. Гэвч мөргөлийн өндөрлөгүүдийг устаагүй багөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр нядлах тахил ба утлага өргөсөөр байв. 44Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов. 45Иехошафатын бусад үйл хэрэг, түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 46Эцэг Асагийнх нь өдрүүдэд үлдсэн шүтээний янхнуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм. 47Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв. 48Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй. 49Тэгэхэд Ахабын хүү Ахазиа Иехошафатад
—Миний зарц нарыг өөрийнхөө зарц нарын хамт хөлөг онгоцоороо явуулаач гэсэн боловч Иехошафат хүсээгүй юм.
50Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө тавигдсан бөгөөд түүний хүү Иехорам залгамжлан хаан болов.
Израилийг Ахазиа хаанчлав
51Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар онд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ. 52ЭЗЭНий мэлмийн өмнө тэрээр ёрын мууг үйлдэн эцэг, эхийнхээ замаар болон Израилийг нүгэлд хүргэсэн Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм. 53Эцэг нь хэрхсэний адил тэрээр ч Баалд үйлчлэн түүний өмнө мөргөж, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлжээ.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.