1Хаад 21:20-29

1Хаад 21:20-29 АБ2013

Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ. Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулгаж, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Тэгээд чөлөөт ч бай, боол ч бай Ахабын бүх эр хүйстнийг Би, Израильд үндсээр нь устгах болно. Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно. ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа “Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг идэх болно. Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас цогцсыг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно” гэсэн гэж хэлэв. ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийн дагуу Ахаб шүтээнүүдэд мөргөснөөрөө маш бузрыг үйлдсэн юм. Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ. Тэр үед ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж — Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн хүлцэнгүй болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө хүлцэнгүй болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгалгүй, харин түүний хүүгийн үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.