1Хаад 20:31-42

1Хаад 20:31-42 АБ2013

Тэгтэл түшмэд нь түүнд —Хараач, Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж хэлэв. Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд ирээд —Таны зарц Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” гэж гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр амьд л байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв. Тэд үүнийг сайны тэмдэг гэж үзэн даруй үгийг нь өлгөн авч —Таны дүү Бен-хадад мөн гэлцэхэд нь хаан —Явж, түүнийг авчир гэж тушаав. Бен-хадад түүн уруу гарч ирэхэд хаан түүнийг тэргэндээ суулгалаа. Бен-хадад түүнд —Миний эцэг чиний эцгээс авсан хотуудыг би буцааж өгөх болно. Мөн Самарид миний эцгийн байгуулсан шиг тийм наймааны гудамжнуудыг Дамаскт чи байгуулаарай гэв. Ахаб —Би чамайг энэ гэрээгээр чинь суллая гэв. Тэрээр түүнтэй гэрээ байгуулж, түүнийг явууллаа. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав. Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салж явах үед чинь арслан чамайг барьж ална гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л түүнийг нэгэн арслан олоод барьчихжээ. Дараа нь өнөөх эш үзүүлэгч өөр нэг хүнийг олоод —Намайг цохиоч гэж гуйсанд нөгөө хүн эш үзүүлэгчийг цохиж шархдуулав. Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүрх боолтоор өөрийгөө танигдахгүй болгоод, замын хажууд хааныг хүлээн зогсов. Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ. Таны зарц энд ч, тэнд ч ажилтай байх үед өнөөх хүн алга болсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл тийнхүү байх болтугай гэв. Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг даруй мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа. Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.