1Хаад 2:13-46

1Хаад 2:13-46 АБ2013

Дараа нь Хаггитын хүү Адониа, Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад тэрээр —Амар тайван гэж хариулав. Мөн тэр —Танд хэлэх үг байна гэхэд Батшеба —Яригтун гэв. Тэрээр —Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ. Одоо би танаас ганцхан гуйлт гуйя. Надад бүү татгалзаарай гэж өчихөд Батшеба түүнд —Яригтун гэв. Тэгэхэд тэр —Шунем эмэгтэй Абишагийг надад эхнэр болгон өгөхийг Соломонтой ярьж өгөөч гэж гуйя. Учир нь тэр танд татгалзахгүй гэж хэлжээ. Батшеба ч —За тэгье. Би чиний төлөө өөрөө хаантай ярилцъя гэв. Тиймээс Батшеба, Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан ээжийгээ угтан авахаар босож түүнд мөргөөд, дахин сэнтийдээ залрав. Тэрээр хатан ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун гар талд суулаа. Тэгээд Батшеба —Чамаас нэг бяцхан хүсэлт гуйя. Надад бүү татгалзаарай гэсэнд хаан түүнд —Ээж минь, би танд татгалзахгүй учир та гуйна уу гэв. Батшеба —Шунем эмэгтэй Абишагийг чиний ах Адониад эхнэр болгон өгөхийг зөвшөөрөөч гэв. Тэгэхэд Соломон хаан ээждээ хариулан —Та яагаад шунем эмэгтэй Абишагийг Адониагийн төлөө гуйж байгаа юм бэ? Тэр миний ах учраас түүний төлөө хаанчлалыг гуйж, түүгээр барахгүй тахилч Абиатар, Зеруиагийн хүү Иоабын төлөө ч мөн асуугаач гэж хэлэв. Тэгээд Соломон хаан ЭЗЭНээр тангараглаж —Хэрэв Адониа энэ үгийг өөрийнхөө амийн эсрэг хэлээгүй байвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! Намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭН амьд! Өнөөдөр Адониа заавал үхэх ёстой гэв. Соломон хаан, Иехоиадагийн хүү Бенаиаг илгээсэн бөгөөд тэрээр Адониад халдаж тэр үхэв. Тэгээд хаан тахилч Абиатарт —Талбай уруугаа, Анатот уруу явагтун. Чи үхэх ёстой хүн боловч миний эцэг Давидын өмнө БУРХАН Эзэний авдрыг авч явж бас миний эцгийн бүх зовлонг хуваалцаж байсан учраас энэ удаа би чамайг алахгүй гэлээ. Ингээд Елигийн гэрийн тухайд Шилод айлдсан ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлэхээр Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас зайлууллаа. Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив. Иоаб ЭЗЭНий асар уруу зугтсан ба тэрээр тахилын ширээний хажууд байна гэдгийг Соломон хаанд дуулгасанд Иехоиадагийн хүү Бенаиаг тэрээр илгээж —Явж очоод, түүнийг хөнөө гэж тушаав. Ийнхүү Бенаиа ЭЗЭНий асарт ирээд, Иоабт —Хаан “Гараад ир” гэж чамд тушаасан гэв. Харин тэр —Гарахгүй. Би энд л үхнэ гэж хариуллаа. Бенаиа —Иоаб ийнхүү хэлж, надад тийнхүү хариуллаа гэх үгийг хаанд эргүүлэн аваачив. Хаан, Бенаиад —Түүний хэлснээр үйлд. Иоабын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөөд оршуул. Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвт, сайн хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Иудагийн цэргийн жанжин Иетерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ. Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үрсийн толгой дээр эргэн бууж мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр, түүний сэнтий дээр ЭЗЭНээс амар тайван мөнхөд байх болно гэв. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнд халдаж хөнөөв. Түүнийг цөл дэх өөрийнх нь гэрт нутаглуулжээ. Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо. Ингээд хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирсэн хойно нь түүнд —Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв. Тэгэхэд Шимеи, хаанд —Зөв зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимд удаан хугацаагаар амьдарчээ. Тэгтэл гурван жилийн төгсгөлд Шимеигийн хоёр боол Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Шимеид —Харагтун, боолууд чинь Гатад байна гэж мэдүүлэхэд Шимеи босож, илжгээ эмээллэн боолуудаа эрж хайхаар Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж Гатаас боолуудаа дагуулан иржээ. Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгдэв. Тиймээс хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирэхэд нь түүнд —Би чамд “Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө чи заавал үхнэ гэдгээ мэдэж ав” гэж урьдаас сануулж, чамайг ЭЗЭНээр тангараглуулж байсан бус уу? Чи өөрөө ч надад “Миний сонссон үг зүйтэй байна” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл юунд чи ЭЗЭНд өгсөн ам өчиг, миний чамд тушаасан тушаалыг сахисангүй вэ? гэв. Түүнчлэн хаан, Шимеид —Миний эцэг Давидад хийсэн бүх бузар муугаа чи зүрх сэтгэлдээ мэдэж байгаа. Тиймээс ЭЗЭН чиний хорон санааг толгой дээр чинь буцаан буулгах болно. Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын сэнтий ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат тогтох болно гэв. Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.