1Хаад 18:30-46

1Хаад 18:30-46 АБ2013

Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүнд ойртон ирлээ. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээ нурсан байсныг босгов. “Чиний нэр Израиль байх болно” хэмээн ЭЗЭНий үг ирж байсан тэрхүү Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор Елиа арван хоёр чулуу авчээ. Елиа эдгээр чулуунуудаар ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. Түүний дараа тэрээр модоо зэрэглэн өрж, залуу бухын эвдсэн махаа дээр нь тавилаа. Тэр —Дөрвөн хөнөг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. Елиа —Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр —Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив. Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав. Елиа, Ахабт —Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав. Тэрээр зарцдаа —Яваад, тэнгисийн зүг хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад —Юу ч алга гэж хариулсанд Елиа —Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. Долоо дахь удаад зарц нь —Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа —Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд суун Иезреел уруу явжээ. ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна