1Хаад 18:17-40

1Хаад 18:17-40 АБ2013

Ахаб, Елиаг хармагцаа —Энэ чинь Израилийн үйлийг үзэгч чи юу? гэсэнд Елиа —Би Израилийн үйлийг үзээгүй, харин та болон таны эцгийн гэр ЭЗЭНий тушаалуудыг огоорон Баалыг дагаж явснаар ингэсэн. Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв. Ахаб Израилийн бүх хөвгүүд даяар уг мэдээг илгээж, Кармел ууланд эш үзүүлэгчдийг бүгдийг нь цуглууллаа. Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгээд Елиа ард түмэнд хандан —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна. Бидэнд хоёр залуу бух авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид нэг залуу бух сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө бухыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй. Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх бурхан нь л Бурхан мөн гэлээ. Бүгд —Зөв зүйл хэллээ гэцгээжээ. Елиа, Баалын эш үзүүлэгчдэд —Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгээд, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж хэлэв. Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан —Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив. Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв. Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав. Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй. Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүнд ойртон ирлээ. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээ нурсан байсныг босгов. “Чиний нэр Израиль байх болно” хэмээн ЭЗЭНий үг ирж байсан тэрхүү Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор Елиа арван хоёр чулуу авчээ. Елиа эдгээр чулуунуудаар ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. Түүний дараа тэрээр модоо зэрэглэн өрж, залуу бухын эвдсэн махаа дээр нь тавилаа. Тэр —Дөрвөн хөнөг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. Елиа —Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр —Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив. Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж —ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.