1Хаад 18
18
Ахабт хандсан Елиагийн үг
1Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж
—Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа. 2Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа. 3Ахаб гэрийн даамал Обадиаг дууджээ. Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа. 4ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм. 5Ахаб, Обадиад
—Нутаг даяар байгаа булаг шандаар бас голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, лууснуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв. 6Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагдаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу тус тусын замаа хөөн явжээ. 7Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад нүүрээрээ газар унан
—Миний эзэн Елиа та мөн үү? гэв. 8Елиа түүнд
—Би байна. Явж, эзэндээ “Харагтун, Елиа энд байна” гэж хэл гэв. 9Обадиа
—Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч алуулах гэж байна вэ? 10Таны Бурхан бөгөөд ЭЗЭН амьд! Таныг тэр эрж олуулахаар хүмүүс илгээгээгүй үндэстнүүд, хаанчлалууд байхгүй бөгөөд тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлэх үед Ахаб уг хаанчлал, үндэстнүүдээр таныг үнэхээр олж чадаагүй гэдгийг нь тангараглуулдаг. 11Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. 12Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээж ирсэн боловч Ахаб намайг алах болно. 13Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү? 14Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв. 15Елиа
—Миний үйлчилдэг түг түмдийн ЭЗЭН амьд! Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.
16Обадиа, Ахаб дээр очиж хэл дуулгахад Ахаб, Елиатай уулзахаар ирэв. 17Ахаб, Елиаг хармагцаа
—Энэ чинь Израилийн үйлийг үзэгч чи юу? гэсэнд 18Елиа
—Би Израилийн үйлийг үзээгүй, харин та болон таны эцгийн гэр ЭЗЭНий тушаалуудыг огоорон Баалыг дагаж явснаар ингэсэн. 19Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.
Баалын тахилчдыг Елиа ялав
20Ахаб Израилийн бүх хөвгүүд даяар уг мэдээг илгээж, Кармел ууланд эш үзүүлэгчдийг бүгдийг нь цуглууллаа. 21Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод
—Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй. 22Тэгээд Елиа ард түмэнд хандан
—ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна. 23Бидэнд хоёр залуу бух авчирч өгөөч. Баалын эш үзүүлэгчид нэг залуу бух сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, харин доор нь гал бүү асаа. Би нөгөө бухыг бэлтгэж, зэрэглэсэн модон дээр тавина. Би түүний доор гал асаахгүй. 24Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх бурхан нь л Бурхан мөн гэлээ. Бүгд
—Зөв зүйл хэллээ гэцгээжээ. 25Елиа, Баалын эш үзүүлэгчдэд
—Та нар олуулаа байгаа тул эхлээд үхрээ сонгон авч, бэлтгээд, бурхныхаа нэрийг дуудагтун. Харин гал ноцоож болохгүй шүү гэж хэлэв. 26Ингээд тэд сонгосон залуу бухыг авч бэлтгээд, өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан
—Баал аа, бидэнд хариулж өгөөч гэж орилолдов. Гэвч дуу чимээ ч үгүй хариу ч үгүй байв. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив. 27Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн
—Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв. 28Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав. 29Үд дунд өнгөрч, оройн тахил өргөх цаг болтол тэд улам улангассаар байлаа. Гэвч ямар ч чимээ алга, хариу ч өгсөнгүй, сонссон нэгэн ч байсангүй. 30Үүний дараа Елиа бүх ард түмэнд
—Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүнд ойртон ирлээ. Тэрээр ЭЗЭНий тахилын ширээ нурсан байсныг босгов. 31“Чиний нэр Израиль байх болно” хэмээн ЭЗЭНий үг ирж байсан тэрхүү Иаковын хөвгүүдийн овгийн тоогоор Елиа арван хоёр чулуу авчээ.#Эх 32:28, 35:10 32Елиа эдгээр чулуунуудаар ЭЗЭНий нэр дээр тахилын ширээ босгож, түүнийгээ тойруулан хоёр хэмжүүр тариа багтах өргөнтэй шуудуу ухав. 33Түүний дараа тэрээр модоо зэрэглэн өрж, залуу бухын эвдсэн махаа дээр нь тавилаа. Тэр
—Дөрвөн хөнөг#18:33 хөнөг: Шингэн агуулах нэгэн зүйлийн сав. усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв. 34Елиа
—Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр
—Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа. 35Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв. 36Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч
—Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. 37Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын#18:37 эсвэл тэднийг Та Өөрөөсөө зайлуулахын тулд тулд надад хариу өгөөч гэж залбирав. 38Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив. 39Бүх ард түмэн үүнийг хармагцаа нүүрээрээ газарт унаж
—ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав. 40Елиа тэдэнд
—Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.
Ган тайлагдав
41Елиа, Ахабт
—Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун гэв. 42Ахаб идэж уухаар явлаа. Харин Елиа Кармелын оройд гарлаа. Тэрээр газарт суун бөхийгөөд, толгойгоо өвдгөн завсраа хавчуулав.#Иак 5:18 43Тэрээр зарцдаа
—Яваад, тэнгисийн зүг хараадах гэж хэлэв. Зарц нь дээш гаран харчихаад
—Юу ч алга гэж хариулсанд Елиа
—Дахиад яв гэж дахин долоон удаа тушаав. 44Долоо дахь удаад зарц нь
—Хараач, хүний гарын дайтай жижигхэн үүл далайгаас хөөрөн ирж байна гэж хэлэв. Елиа
—Явж Ахабт хандан “Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун” гэж хэл гэлээ. 45Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж, аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд суун Иезреел уруу явжээ. 46ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 18: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.