1Хаад 17:1-24

1Хаад 17:1-24 АБ2013

Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв. ЭЗЭНий үг Елиад ирж — Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар. Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа. Елиа явж, ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав. Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв. Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ. Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж — Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв. Елиа даруй босон Зарефат уруу явлаа. Тэрээр хотын үүд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв. Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв. Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв. Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Учир нь “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан юм гэв. Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй. Ийн байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав. Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв. Елиа түүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ. Тэрээр ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хөвгүүнийг үхэлд хүргэж Та түүнд гай авчираа юу? гэж хашхирав. Тэгээд тэрээр хөвгүүний дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, энэ хөвгүүний амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна гэв. ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ. Елиа, хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж эхэд нь өгөв. Елиа —Хараач, хөвгүүн чинь амьд байна гэлээ. Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.