1Иохан 3:11-24

1Иохан 3:11-24 АБ2013

Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая. Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг. Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүнд тааламжтайг үйлддэг билээ. Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь Түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь Түүн дотор байж, Тэр ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.