1Иохан 2:3-11

1Иохан 2:3-11 АБ2013

Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай. Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Хуучин тушаал нь та нарын сонссон үг юм. Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна. Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ.