1Коринт 9:1-23

1Коринт 9:1-23 АБ2013

Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би Эзэн Есүсээ хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү? Хэрэв би бусдад элч биш байлаа ч та нарт бол мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн албаны минь тамга юм. Намайг шалгагчдад хандах өмгөөлөл минь ийм юм. Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү? Бусад элч нар Эзэний дүү нар болон Кефийн адил итгэгч эхнэрээ дагуулах эрх бидэнд үгүй гэж үү? Эсвэл ажиллахгүй байх эрх Барнаб бид хоёрт л байхгүй юм уу? Хэн хэзээ өөрийн зардлаар цэргийн алба хааж байсан юм? Усан үзмийн талбай байгуулаад жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ? Эдгээрийг би хүний ёсоор яриагүй гэж үү? Хууль ч гэсэн үүнийг хэлдэг бус уу? Учир нь Мосегийн хуульд “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан тийнхүү үхэрт санаа тавьсан болж байна уу? Тэр энэ бүгдийг бидний төлөө айлдсан уу? Энэ нь үнэхээр бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дор хагалж, цайруулагч найдлага дор цайруулж, хувиа хүртэх ёстой аж. Бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас махбодын юмсыг хураавал энэ нь дэндүү их гэж үү? Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй бол бид тэднээс ч илүү бус уу? Хэдий тийм боловч бид энэ эрхээ ашиглаагүй. Бид өөрсдөө Христийн сайнмэдээнд ямар ч саад учруулахгүйн тулд бүхнийг тэвчдэг. Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Түүнчлэн сайнмэдээг тунхаглагчид сайнмэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ. Харин би эдгээрээс юуг ч ашиглаагүй. Намайг ийм байхын тулд ч эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон болгосноос үхсэн минь дээр. Учир нь надад энэ алба тохоогдсон тул би сайнмэдээг тунхагласнаараа сайрхах юм алга. Учир нь би сайнмэдээг эс тунхаглаваас золгүй еэ! Би үүнийг хүслээрээ хийвэл шагнал хүртэнэ. Хүслийн минь эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайнмэдээг би төлбөргүйгээр тунхаглаж, ингэснээрээ сайнмэдээн дотор эрхээ бүрэн ашиглахгүй байх явдал юм. Учир нь би бүгдээс чөлөөтэй атлаа илүү олныг олж авахын тулд өөрийгөө бүгдэд боол болгосон. Иудейчүүдийг олж авахын тулд би иудейчүүдэд иудей адил, хуулийн доор байгсдыг олж авахын тулд би өөрөө хуулийн доор бус атлаа хуулийн доор байгсдад хуулийн доор байгч мэт, хуульгүйчүүдийг олж авахын тулд (хэдийгээр би Бурханы хуулиас ангид бус харин Христийн хууль дор байдаг атлаа), хуульгүйчүүдэд хуульгүй нэгэн адил, сул доройчуудыг олж авахын тулд би сул доройчуудад сул дорой нэгэн адил болсон юм. Бүхий л аргаар заримыг нь аврахын тулд би бүгдэд бүх юм болж байлаа. Би сайнмэдээний ерөөл хуваалцагч байхын тулд үүний төлөө бүхнийг хийдэг.

1Коринт 9:1-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна