1Коринт 7:32-40
1Коринт 7:32-40 АБ2013
Гэвч та нарыг санаа зоволгүй байхыг би хүсдэг. Гэрлээгүй нь Эзэнд яаж таалагдах вэ гэж Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн нь эхнэртээ яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг бөгөөд тэрээр хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй ба онгон бүсгүй нь бие болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ гэж хорвоогийн юмст санаа тавьдаг. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд зохистой байдлаар мөн сатааралгүйгээр Эзэнд үнэнч байхын чинь төлөө үүнийг хэлж байна. Хэрэв хэн нэгэн нь онгон бүсгүйдээ зүй бус хандлаа гэж бодож байгаа бол, тэр бүсгүй нь насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүссэнээ хийг. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг. Харин хэн зүрхэндээ бат зогсож, үл шаардан хүсэлээ захирсан бөгөөд онгон бүсгүйгээ хэвээр нь байлгахаар зүрхэндээ шийдсэн байна, тэрээр сайныг үйлдэж буй хэрэг. Тиймээс тэрээр гэрлэвэл сайн, эс гэрлэвэл бүр л сайн биз. Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Зөвхөн Эзэн дотор. Харин миний саналаар тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ерөөлтэй. Надад ч бас Бурханы Сүнс буй гэж би боддог.