1Коринт 15:1-20

1Коринт 15:1-20 АБ2013

Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Тэр дараа нь Иаковт, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ. Учир нь би элч нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл билээ. Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж, та нар түүнчлэн итгэсэн билээ. Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим нь үхэгсдийн амилал байхгүй гэж юунд ярина вэ? Үхэгсдийн амилал байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно. Үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханыг гэрчилснээрээ Бурханы хуурамч гэрчлэгчид болно. Учир нь үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.