1Коринт 12:12-31

1Коринт 12:12-31 АБ2013

Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй. Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг. Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ. Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгчид үү? Бүгд эдгээх бэлгүүдтэй юү? Бүгд хэл ярихуйгаар ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү? Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.