1Шастир 28:2-10

1Шастир 28:2-10 АБ2013

Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод —Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ. Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэрд зориулан өргөө барьж болохгүй” гэж айлдав. Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ. ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо. Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно. Тэрээр өнөөдрийн адил Миний тушаал, Миний шүүлтийг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэж айлдсан юм. Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэхээр үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдэн дээр мөн бидний Бурханы сонорт Бурхан ЭЗЭНийхээ бүх тушаалыг сахин мөрдөгтүн. Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ. Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв.