YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 78

78
Асафын маскил.
1Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс.
Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.
2Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ.
Би эртний нууц үгсийг дуудна.
3Тэдгээрийг бид сонссон, мэдсэн,
Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.
4Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.
Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,
Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
5Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,
Израильд хуулийг тогтоосон.
Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэж
Тэр бидний эцэг өвгөдөд тушаасан.
6Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу
Хойшид төрөх хүүхдүүд мэдэж,
Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.
7Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,
Бурханы ажлуудыг үл мартаж,
Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,
8Эцэг өвгөд шигээ
Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу
Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй,
Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
9Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,
Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.
10Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,
Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.
11Тэд Түүний үйлсийг болоод
Өөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.
12Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд
Тэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.
13Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,
Их усыг ч овоо мэт зогсоосон.
14Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр,
Шөнөжин галын гэрлээр удирдсан.
15Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан
Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.
16Тэр бас хаднаас урсгал ус гаргаж,
Их усыг мөрөн шиг урсгасан.
17Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж,
Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.
18Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаар
Тэд зүрхэндээ Бурханыг сорьсон.
19Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан.
Тэд “Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?
20Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж,
Голыг дүүргэсэн ч
Тэрээр бас талх өгч чадах болов уу?
Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ.
21Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн.
Иаковын эсрэг гал асаж,
Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.
22Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй,
Түүний авралд ч найдаагүй.
23Харин Тэр дээр буй үүлсэд тушаан,
Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.
24Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан,
Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.
25Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн.
Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.
26Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,
Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.
27Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,
Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа
28Тэднийг хуарангийнх нь дунд,
Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.
29Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөд
Тэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.
30Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюу
Хоол нь тэдний аманд байсаар байх зуур
31Бурханы уур хилэн тэдний эсрэг хандаж
Тэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж,
Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.
32Ийм боловч тэд нүгэл хийсээр байж,
Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.
33Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,
Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.
34Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,
Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.
35Бурхан тэдний хад байсныг,
Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.
36Харин тэд амаараа Түүнд бялдуучилж
Хэлээрээ Түүнд худал ярьсан.
37Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,
Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.
38Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.
Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,
Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.
39Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,
Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.
40Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,
Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!
41Тэд Бурханыг дахин дахин сорьж,
Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.
42Тэд Түүний хүч чадлыг,
Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.
43Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,
Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,
44Тэдний гол мөрнүүдийг
Мөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,
Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.
45Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,
Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.
46Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,
Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.
47Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт,
Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.
48Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт,
Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.
49Тэр тэдний дээр шатаж буй уур,
Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюу
Хэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.
50Тэр Өөрийн ууранд зам зассан.
Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй,
Харин тэдний амийг гай гамшигт өгч,
51Египетийн бүх ууганыг буюу
Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.
52Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж,
Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.
53Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан.
Харин тэдний дайснууд далайн усанд автсан.
54Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт,
Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.
55Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж,
Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан,
Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.
56Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж,
Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,
57Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ.
Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.
58Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж,
Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.
59Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,
Израилийг ихэд үзэн ядсан.
60Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу
Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,
61Өөрийн хүч чадлыг олзлолд,
Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.
62Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,
Өөрийн өвд уурласан.
63Түүний залуусыг гал залгиж,
Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.
64Түүний тахилч нар илдэнд унаж,
Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
65Дараа нь Эзэн нойрноос мэт,
Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.
66Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .
Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.
67Тэр бас Иосефын майхныг хаяж,
Ефраимын овгийг сонгоогүй,
68Харин Иуда овгийг,
Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
69Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг,
Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.
70Тэр бас Өөрийн зарц Давидыг сонгон
Хонины хашаанаас авсан.
71Хургатай хоньдыг даган явсан түүнийг Тэр
Өөрийн хүмүүс болох Иаковыг болон
Өөрийн өв болох Израилийг хариулуулахаар авчрав.
72Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж,
Гарынхаа ураар тэднийг удирдсан.

Currently Selected:

ДУУЛАЛ 78: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in