СУРГААЛТ ҮГС 1
1
1Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь
2Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх,
Билиг ухааны үгсийг ойлгох,
3Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр
Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах,
4Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг,
Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
5Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,
Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
6Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба
Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм.
7ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.
Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
8Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс.
Эхийнхээ зааврыг бүү огоор.
9Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм,
Хүзүүнд чинь чимэг билээ.
10Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.
11Хэрэв тэд чамд
“Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе.
Гэмгүй нэгнийг отоцгооё.
12Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь,
Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.
13Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж,
Орон гэрээ олзоор дүүргэх болно.
14Бидэнтэй хамт шавга хая.
Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно” гэвэл,
15Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв.
Жимээс нь хөлөө хол байлга.
16Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд
Тэд цус урсгах гэж яарч сандарна.
17Чухамдаа, шувууг харсаар байтал нь
Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.
18Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж.
Тэд өөрсдийн амийг отох аж.
19Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой.
Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.
20Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж,
Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг.
21Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд
Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм.
22“Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ?
Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж,
Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
23Миний зэмлэлд эргэн ханд.
Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна,
та нарт үгээ мэдүүлнэ.
24Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн.
Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй.
25Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.
26Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж,
Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.
27Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч,
Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
28Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө.
Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.
29Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж,
ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.
30Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй,
Миний бүх зэмлэлийг хайхраагүй.
31Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж,
Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.
32Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө.
Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.
33Харин намайг сонсдог хүн аюулгүй байж,
Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.
Currently Selected:
СУРГААЛТ ҮГС 1: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society