YouVersion Logo
Search Icon

ТООЛЛОГО 25

25
1Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв. 2Учир нь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ. 3Ийнхүү Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв. 4ЭЗЭН Мосед
—Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав. 5Тиймээс Мосе Израилийн шүүгчдэд
—Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ.
6Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав. 7Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав. 8Тэрээр Израиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов. 9Гамшгаар үхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа.
10Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
11Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй. 12Тийм учраас “Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна. 13Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир нь тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм” гэж хэл хэмээв.
14Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв. 15Алагдсан Мидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.
16Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
17Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь. 18Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in