YouVersion Logo
Search Icon

ТООЛЛОГО 15

15
1ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа
2Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар 3ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгохын тулд, онцгой тангаргийг гүйцээхээр, эсвэл сайн дурын өргөл болгон эсвэл өөрсдийн товлосон үеүдэд өргөх шатаалт тахил, өргөлийг өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээс ЭЗЭНд галаар өргөгтүн. 4Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир. 5Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд. 6Эсвэл хуцанд зориулан хиний гуравны нэг тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд. 7Ундаан өргөлд зориулан хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн. 8Шатаалт тахил, эсвэл онцгой тангаргийг биелүүлэхээр өргөл болгон эсвэл ЭЗЭНд эвийн тахилуудад зориулан бухыг бэлтгэхдээ 9та нар хагас хин тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг бухтай хамт өргөх ёстой. 10Ундаан өргөлд зориулан тахил болгон хагас хинийн хэмжээтэй дарсыг галаар өргөх өргөлөөр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.
11Үхэр, хуц, эр хурга бүрд, ямаануудад тийнхүү хийгдэх болой. 12Та нарын бэлдсэн тооны дагуу, тэдний тооны дагуу тус нэг бүрд нь чи тийнхүү хийгтүн. 13ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх өргөлийг авчрахдаа уугуул нутгийнхан бүгдээрээ эдгээр зүйлсийг энэ маягаар хийх ёстой. 14Хэрэв харийн хүн та нартай хамт түр сууж байвал, эсвэл үе удмыг чинь дамжин та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх тахилыг хийхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн хийх ёстой. 15Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу. 16Та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг хууль, зарлиг байх ёстой” гэж хэл гэв.
17Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
18Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо, 19тэр нутгийн хүнсийг идэх үед та нар ЭЗЭНд өргөл өргөгтүн. 20Зуурсан эхний гурилаасаа та нар өргөл болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн өргөл болгон өргө. 21Зуурсан эхний гурилаасаа та нар үе уламжлан ЭЗЭНд өргөл өгөгтүн.
22Харин та нар санамсаргүй алдах үед, ЭЗЭНий Мосед айлдсан эдгээр бүх тушаалуудыг сахилгүй, 23түүгээр ч барахгүй ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдрөөс хойших үе удмын туршид Мосегээр дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг үл сахих аваас, 24хэрэв үүнийг санамсаргүйгээр, чуулган мэдэлгүй үйлдсэн бол бүх чуулган нь шатаалт тахилд зориулан нэг бухыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөгтүн. 25Дараа нь тахилч Израилийн хөвгүүдийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийх ба тэд уучлагдах болно. Учир нь энэ нь алдаа байсан ба тэд өөрсдийн өргөл, ЭЗЭНд галаар өргөх тахилыг болон алдааныхаа төлөө нүглийн төлөөх тахилыг авчирсан билээ. 26Тийнхүү Израилийн хөвгүүдийн бүх чуулган нь тэдний дунд түр сууж буй харийн хүний хамт уучлагдах болно. Учир нь энэ нь алдааны улмаас бүх ард түмэнд тохиолдсон.
27Мөн хэрэв нэг хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай эм ямааг өргөх ёстой. 28Санамсаргүйгээр нүгэл үйлдсэнээрээ төөрөлдөж буй хүний төлөө тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр хүний төлөө эвлэрүүллийг хийснээр тэр уучлагдах болно. 29Израилийн хөвгүүдийн дундах нутгийн уугуул хүнд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд та нар санамсаргүйгээр үйлдэгчийн төлөөх нэг хуультай байх ёстой. 30Харин санаатайгаар үйлдэгч нь нутгийн уугуул хүн ч бай, эсвэл харийн хүн ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах ёстой. 31Тэр хүн ЭЗЭНий үгийг басамжлан, Түүний тушаалыг зөрчсөн тул түүнийг бүрмөсөн таслах ёстой. Түүний гэм буруу нь түүн дээр байх болно” хэмээв.
32Израилийн хөвгүүд цөлд байх зуураа амралтын өдрөөр мод цуглуулж буй хүнийг олов. 33Мод цуглуулж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон болон бүх чуулган уруу авчрав. 34Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгав. 35Дараа нь ЭЗЭН Мосед
—Тэр хүн заавал үхэх ёстой. Бүх чуулган түүнийг хуарангийн гадна чулуугаар чулуудах ёстой хэмээн айлдав. 36Тиймээс бүх чуулган түүнийг хуарангаас гарган, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор түүн уруу үхтэл нь чулуу чулуудав.
37ЭЗЭН бас Мосетэй ярин, айлдахдаа
38Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацгийг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийгтүн хэмээн хэл. 39Энэ цацаг нь та нарт түүнийг харан ЭЗЭНий бүх тушаалыг санаж, тийнхүү үйлдэж, завхайрч байсан өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм. 40Тэгснээр та нар Миний бүх тушаалыг хийхийг санах бөгөөд өөрсдийн Бурхандаа ариун байх билээ. 41Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in