НЕХЕМИА 13
13
1Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов. 2Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устайгаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм. 3Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.
4Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб, Тобиагийн садан учир 5урд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилч нарт өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксын гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөл гуйв. 7Тэгээд би Иерусалимд ирж, Елиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлийн тухай сонсов. 8Энэ нь надад тун ч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. 9Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.
10Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв. 11Тэгээд би түшмэдийг зэмлэн
—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, өөрсдийнх нь албанд буцаан тавив. 12Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав. 13Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг, мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн хүү, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарилах явдал байв. 14Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!
15Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав. 16Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв. 17Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд хандан
—Та нар юунд амралтын өдрийг бузарлан, ямар муу үйлийг хийнэ вэ? 18Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг бузарласнаар Израиль дээрх уур хилэнг нэмэгдүүлж байна гэв.
19Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимын дааман хаалгуудыг хааж, амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав. 20Нэг, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв. 21Тэгэхэд би тэдэнд анхааруулж
—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд амралтын өдөр ирсэнгүй. 22Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч!
23Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв. 24Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. 25Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан
—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсдөдөө авах ёсгүй. 26Израилийн хаан Соломон эдгээр зүйлсээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн. 27Тэгэхэд та нар харь эмэгтэйчүүдтэй гэрлэн, бидний Бурханы эсрэг үнэнч бусаар хандан, энэ бүх үлэмжийн мууг хийсэн хэмээн бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв. 28Иоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү ч хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав. 29Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав.
30Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилч нар ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд нь томилов. 31Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!
Currently Selected:
НЕХЕМИА 13: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society