МАРK 16
16
1Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа. 2Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандсан үед тэд булш уруу хүрч ирэв. 3Тэд өөр хоорондоо
—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? хэмээн ярилцаж байв. 4Дээшээ харахдаа тэр бул чулуу нь хичнээн асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. 5Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. 6Тэр тэдэнд
—Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. 7Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ. 8Тэгээд тэд булшнаас гаран гүйв. Учир нь тэд чичирч, бүр гайхаж гүйцсэн байлаа. Тэд айснаасаа болж хэнд ч юу ч хэлсэнгүй.
9[Долоо хоногийн эхний өдөр Тэр эрт амилаад, эхлээд Магдалын Мариад үзэгджээ. (Есүс Мариад шүглэсэн долоон чөтгөрийг зайлуулсан юм). 10Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байсан хүмүүсийг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдэгдэв. 11Тэд Есүсийн амьд гэдгийг, мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэхээс татгалзав.
12Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд үзүүлэв. 13Тэд явж, үүнийг бусаддаа мэдэгджээ. Гэвч тэд тэр хоёрт бас итгэсэнгүй.
14Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм. 15Есүс тэдэнд
—Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун. 16Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно. 17Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана. Миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр ярина. 18Тэд могойг барина. Тэд үхүүлэх ямар ч юм уусан, тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтэй хүн дээр тэд гараа тавивал эдгэнэ гэж айлдлаа.
19Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав. 20Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамт ажиллаж, үгийг дагалдах тэмдгүүдээр баталж өгчээ. Амен.]
Currently Selected:
МАРK 16: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society