YouVersion Logo
Search Icon

ЛУК 14

14
1Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор иржээ. Тэд Түүнийг нягтлан ажиглаж байв. 2Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа. 3Есүс хуульч нар болон фарисайчуудаас
—Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу, үгүй юу? гэж асуужээ. 4Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав. 5Тэгээд Тэр тэдэнд
—Хүү нь, эсвэл үхэр нь худагт ойчвол, тэр даруйд нь Амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу? гэхэд 6тэд үүнд хариулж ч чадсангүй.
7Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
8Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад, 9та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичин, доош суух болно. 10Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. 11Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.
12Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан
—Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина. 13Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь. 14Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань төлөх болно гэв.
15Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд
—Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд 16Тэр түүнд
—Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ. 17Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн “Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ. 18Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн “Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай” гэжээ. 19Нөгөө нэг нь “Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя” гэхэд 20нөгөө нэг нь “Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй” гэжээ. 21Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо “Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!” гэв. 22Боол нь “Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна” гэхэд 23эзэн нь боолдоо “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир. 24Учир нь би чамд хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй” гэжээ гэв.
25Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан
26Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй. 27Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. 28Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ? 29Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, 30“Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно. 31Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ? 32Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ. 33Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй. 34Давс бол сайн юм. Харин давс нь амтгүй болбол юугаар давслаг болгох билээ? 35Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.

Currently Selected:

ЛУК 14: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in