YouVersion Logo
Search Icon

ИЕРЕМИА 14

14
1Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь
2“Иуда гашуудаж, түүний дааман хаалганууд гудайна.
Тэд гашуудан газар дээр суух бөгөөд
Иерусалимын хашхираан дээш одов.
3Тэдний ноёд зарц нараа усанд явуулав.
Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй.
Тэд хоосон савтайгаа буцаж ирэв.
Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.
4Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ.
Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.
5Учир нь өвс байхгүй тул талын согоо хүртэл зөвхөн хаяхын тулд илийгээ төрүүлжээ.
6Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог.
Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг.
Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.
7Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч,
ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч!
Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд
бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.
8Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа,
Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт,
эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?
9Та яагаад айсан хүн мэт,
аварч чадахгүй хүчтэн адил байна вэ?
Гэлээ ч Та бидний дунд байгаа,
Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ.
Биднийг бүү орхиоч!”.
10ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”. 11Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир. 12Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.
13Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв. 14Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна. 15Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно! 16Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.
17Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно.
“Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог.
Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор,
хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.
18Хэрэв би хээр тал уруу гарвал,
үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна!
Хэрэв би хотод орж ирвэл,
харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна!
Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь
Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.
19Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?
Эсвэл Та Сионыг жигшсэн үү?
Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?
Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй.
Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!
20Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ.
Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.
21Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч!
Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч!
Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай!
22Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу?
Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу?
Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН?
Тийм учраас бид Танд найдаж байна.
Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.

Currently Selected:

ИЕРЕМИА 14: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in