YouVersion Logo
Search Icon

ШҮҮГЧИД 3

3
1Эдгээр нь Израилийг сорихоор ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд юм. Израилийн хөвгүүд Канааны тулалдааныг мэдэхгүй хүмүүс билээ. 2Энэ нь зөвхөн урьд нь тулалдааныг мэдээгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдааныг зааж мэдүүлэхийн тулд юм. 3Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм. 4Мосегээр дамжуулан эцэг өвгөдөд нь тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд дагах эсэхийг мэдэхийн тулд тэдгээр хүмүүсээр Израилийг сорьсон юм. 5Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдарч, 6тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад нь үйлчлэв. 7Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал болон Ашеротод үйлчлэв. 8Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Хушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Хушан-ришатаимд боолчлогдов. 9Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байв. 10ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэр Израилийг шүүв. Түүнийг тулалдахаар явахад, Месопотамийн хаан Хушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өгөв. Ингэж тэр Хушан-ришатаимыг дарав. 11Дараа нь Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.
12Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ. 13Тэрээр аммончууд болон амалекчуудыг өөртөө нэгтгэн, Израиль уруу довтолж ялаад, Далдуу модны хотыг эзлэв. 14Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд арван найман жилийн турш боолчлогджээ.
15Харин Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран гуйсанд, ЭЗЭН тэдний төлөө нэгэн чөлөөлөгчийг босгосон нь Бениамин хүн Герагийн хөвгүүн солгой гарт Ехүд байв. Израилийн хөвгүүд Моабын хаан Еглонд барих алба гувчуураа түүгээр явуулав. 16Ехүд өөртөө нэг тохой урт, хоёр талдаа иртэй сэлэм хийж, баруун ташаандаа бэхлэн, хувцсаараа халхлав. 17Тэгээд тэр Моабын хаан Еглонд алба гувчуураа гардуулав. Еглон маш бүдүүн хүн байв. 18Тэр алба гувчуураа гардуулсны дараа түүнийг зөөж авчирсан хүмүүсийг явуулав. 19Харин өөрөө Гилгалд байсан шүтээний газраас эргэж ирээд,
—Хаантан, танд дуулгах нууц мэдээ надад байна гэсэнд, хаан түүнд
—Чимээгүй гэв. Хааны дэргэд байсан бүгд түүнийг орхин гарлаа. 20Ингээд дээврийн сэрүүн лавриндаа ганцаар сууж байхад нь Ехүд дэргэд нь очив. Ехүд
—Танд дуулгах Бурханы үг надад байна хэмээн өгүүлэхэд хаан суудлаасаа босмогц, 21Ехүд зүүн гараа сунган, баруун ташаанаасаа сэлмээ сугалан хааны хэвлийд дүрэхэд, 22бариул нь хүртэл иртэйгээ хамт оров. Тэр сэлмээ хааны хэвлийгээс сугалж аваагүй тул харвин нь сэлмийг хучив. Тэгээд гэдэс доторх хамаг юм нь гарч ирэв. 23Ехүд уудам хонгил уруу явахдаа хааны байгаа дээврийн сэрүүн лаврингийн хаалгыг хааж түгжив.
24Түүнийг гарсны дараа хааны зарц нар ирж, дээврийн лаврингийн хаалга түгжээтэй байгааг хараад,
—Хаантан лав сэрүүн лавриндаа амарч байгаа байх аа гэцгээв. 25Зарц нар нь санаа зовтлоо хүлээвч, хаан лаврингийнхаа хаалгыг онгойлголгүй удсан учраас тэд түлхүүр авч нээхэд, тэдний эзэн шалан дээр унаад нас барсан байв.
26Зарц нарыг тээнэгэлзэн байх зуур Ехүд шүтээний газрыг өнгөрөн, Сеира уруу зугтаж амжсан байлаа. 27Ехүд тэнд хүрээд, Ефраимын уулархаг нутагт бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулархаг нутгаас бууж явахад, тэр тэднийг тэргүүлэв. 28Тэрээр тэдэнд хандан
—Өстөн дайсан моабчуудыг чинь ЭЗЭН та нарын гарт өгсөн тул тэднийг мөрдөгтүн гэв. Ингээд тэд түүнийг даган доошоо явж, Моабын эсрэг талд орших Иорданы гармыг эзлэн авч, хэнийг ч гатлуулсангүй. 29Тэр үед эрүүл чийрэг, эр зоригтой арван мянга орчим моабчуудыг тэд алав. Тэдний нэг нь ч зугтсангүй. 30Ингээд тэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.
31Ехүдийн дараа үхрийн шилбүүрээр зургаан зуун филистчүүдийг алсан, Анатын хөвгүүн Шамгар гарч ирэв. Тэрээр мөн Израилийг чөлөөлжээ.

Currently Selected:

ШҮҮГЧИД 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ШҮҮГЧИД 3