YouVersion Logo
Search Icon

ШҮҮГЧИД 10

10
1Абимелехийг алагдсаны дараа Израилийг аврахын төлөө Иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв. 2Тэр хорин гурван жилийн турш Израилийг шүүсний эцэст нас эцэслэн, Шамирт оршуулагдав.
3Түүний дараа Гилеад хүн Иаир босож, Израилийг хорин хоёр жилийн турш шүүв. 4Тэр гучин хөвгүүнтэй байсан бөгөөд тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан бөгөөд тэдгээр хотууд нь энэ өдрийг хүртэл Хаввот-иаир хэмээн нэрлэгддэг. 5Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.
6Дараа нь Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэж, Баалууд ба Аштарот, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг умартан, Түүнд үйлчилсэнгүй. 7ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг филистчүүдийн савар болон Аммоны хөвгүүдийн саварт тушаав. 8Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил дарамтлан зовоож, Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн туршид дарлав. 9Аммоны хөвгүүд бас Иуда, Бениамин болон Ефраимын гэрийнхэнтэй дайтахаар Иорданыг гаталсан учраас Израиль ихэд зовж доройтов.
10Тэгээд Израилийн хөвгүүд ЭЗЭНд хашхиран
—Бид Таны эсрэг нүгэл үйлдэв. Үнэхээр бид өөрсдийн Бурханыг умартан Баалуудад үйлчилсэн билээ гэв. 11ЭЗЭН Израилийн хөвгүүдэд айлдан “Би та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс, филистчүүдээс аварсан бус уу? 12Мөн сидончууд, амалекчууд, маончууд та нарыг дарангуйлахад та нарыг Над уруу хашхирахад, Би та нарыг тэдний савраас аварсан. 13Гэсэн ч та нар Намайг орхиж, өөр бурхдад үйлчлэв. Тиймээс Би үүнээс хойш та нарыг аврахгүй. 14Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхирагтун. Зовох цагт чинь тэд та нарыг авраг” гэв. 15Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан
—Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа. 16Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.
17Тэр үед Аммоны хөвгүүд дуудагдан цугларч, Гилеадад хуарагнав. Мөн Израилийн хөвгүүд цугларч, Миспад хуарагнан буув. 18Ард түмэн, Гилеадын ноёд бие биендээ
—Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдааныг эхлэх хүн хэн юм бол доо? Тэр нь Гилеадын хамаг оршин суугчдын тэргүүлэгч болно гэцгээв.

Currently Selected:

ШҮҮГЧИД 10: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ШҮҮГЧИД 10