ИАКОВ 3
3
1Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй. 2Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна. 3Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг. 4Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг. 5Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ.
Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ. 6Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. 7Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид, амьтад болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. 8Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн. 9Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. 10Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. 11Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? 12Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.
13Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул. 14Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. 15Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. 16Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг. 17Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. 18Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.
Currently Selected:
ИАКОВ 3: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society