ИСАИА 5
5
1“Би одоо хайртдаа зориулж,
Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя.
Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.
2Тэр эргэн тойрныг нь малтаж,
чулуунуудыг нь зайлуулаад,
шилмэл усан үзмийг суулгаж,
талбайн голд цамхаг босгоод,
түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ.
Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.
3Одоо Иерусалимын оршин суугчид,
Иудагийн эрчүүд ээ!
Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!
4Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?
Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?
5Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье.
Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана.
Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.
6Би талбайг эзгүйрүүлэн хаяад,
тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.
Харин өргөст бут, үүргэнэ ургана.
Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.
7Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр,
Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм.
Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв.
Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.
8Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж,
талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа!
Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
9Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН
“Үнэхээр, олон байшингууд хоосорч,
том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
10Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж,
нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.
11Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон,
дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!
12Тэдний найр нь лир, босоо ятга,
хэнгэрэг, лимбэ,
дарсаар хөгжинө.
Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч,
Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.
13Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,
тэдний хүндэт хүмүүс нь өлсөж,
олон түмэн нь цангаж зовно.
14Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн,
амаа хязгааргүй ангайлгав.
Иерусалимын сүр жавхлан,
олон түмэн,
түүний дуу чимээ,
хөгжил,
баясал тийшээ бууна.
15Хүн номхтгогдож,
хүн басамжлагдана.
Бардам хүний нүд ч басамжлагдана.
16Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж,
ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.
17Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж,
баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.
18Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирч,
тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа.
19“Тэр түргэн хийж,
Өөрийн ажлаа яаравчлаг.
Бид үзмээр байна.
Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай.
Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!
20Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,
харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,
гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!
21Өөрийнхөө нүдэнд мэргэн болж,
өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
22Дарс уухдаа баатар,
хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!
23Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж,
шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!
24Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн,
галын дөлд хуйхлагдахын адил,
тэдний үндэс нь өмхөрсөн
мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ.
Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон,
Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.
25Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж,
тэдний эсрэг мутраа сунгаж,
тэднийг цохиж унагав.
Уул хөдлөн,
тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ.
Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй,
Тэр мутраа сунгасан хэвээр байна.
26Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж,
газрын мухраас тэдэн уруу исгэрнэ.
Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.
27Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй,
нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй.
Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй.
Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй.
28Тэдний сум нь хурц,
нум нь хөвчилсөн,
морьдын туурай нь цахиур мэт,
тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.
29Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ.
Тэд залуу арслангууд шиг архирч,
олзоо шүүрэн авахдаа архирдаг.
Тэд олзоо аваад явахад,
түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.
30Тэр өдөр далайн түрхрэлт мэт
тэд ард түмэн уруу хүрхэрнэ.
Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй,
уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.
Currently Selected:
ИСАИА 5: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society