ЕВРЕЙ 10
10
1Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй. 2Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнтээ цэвэршүүлэгдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахилуудыг өргөхөө больсон байх байсан биш үү? 3Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог. 4Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.
5Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ
“Та өргөл ба тахилыг хүсээгүй,
Харин Та Надад бие бэлдсэн.
6Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй.
7Тэгээд Би
«Үзэгтүн. Бурхан минь,
Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ.
Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн”
гэв. 8Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. 9Дараа нь Тэр “Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. 10Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.
11Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. 12Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд 13Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна. 14Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.
15Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр
16“Эзэн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм.
Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина.
Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ»
гээд, 17цааш нь
«Би цаашид тэдний нүглүүд,
Тэдний хууль бус явдлыг санахгүй»”
гэжээ. 18Эдгээр зүйлсийн уучлал байгаа газар нүглийн төлөөх тахил цаашид байхгүй болдог.
19Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, 20Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, 21мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул 22бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё. 23Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. 24Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. 25Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.
26Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. 27Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ. 28Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг. 29Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? 30Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. 31Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.
32Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун. 33Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан. 34Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан. 35Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. 36Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
37“Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.
Тэр саатахгүй.
38Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд
Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй”
гэжээ. 39Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.
Currently Selected:
ЕВРЕЙ 10: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society